Отгонтэнгэр хайрхныг зорихгүй байхыг онцгойлон анхааруулав

оруулсан Алсын Хараа

Завхан аймагт сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан сум бүр нөхцөл байдалтайгаа холбогдуулан иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Тухайлбал Отгон сумын Засаг даргын захирамжаар 06 сарын 30-ны өдөр хүртэл тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тиймээс Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутгаас Отгонтэнгэр хайрхныг зорих иргэдийг хүлээж авахгүй хэмээн Отгон сумын Онцгой комисс, Шуурхай штабаас мэдээллээ.

 Тэлмэн сумын хувьд нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна. Үүнтэй холбоотой 06 дугаар сарын 16-ны 09 цагаас сумын хэмжээнд зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тодорхойлж, голомтыг тогтоохоор ажиллаж байна.

Дөрвөлжин сумын тухайд 72 цагийн тэг зогсолтыг зарлаад буй. Учир нь тус суманд өчигдөр нийт 22 тохиолдол батлагдаад буй. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян айраг эксплорэйшн ХХК-ын кемпээс 12, сумын төвөөс 10 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавиусний халдвар авсан нь батлагдсан дээрх иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг руу шилжүүлээд байна. Одоо тус суманд батлагдсан тохиолдлын ойрын харьцагч иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах ажил хийгдэж байна.

Цэцэн-Уул сумын тухайд суманд зөөвөрлөгдөн ирсэн хоёр голомтоос үүсэлтэй батлагдсан халдварын тохиолдол нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар тус суманд батлагдсан найман тохиолдол байна. Сумын төв болон хөдөөгийн дөрвөн багт халдвар тархсан байж болзошгүй байгаа учир сорьц цуглуулж аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид шинжилгээ хийлгэхээр илгээсээр байна. Батлагдсан тохиолдлуудын 300 гаруй харьцагч байна. Тус сум энэ сарын 9-ний өдрөөс сумын Засаг даргын захирамжаар сумаас орох гарах, дотор хөдөлгөөнийг бүрэн хааж, хатуу хөл хорио тогтоожээ.

Улиастай сумын тухайд өнөөдөр 14 иргэн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаад байна. Харин өчигдөр буюу 06-р сарын 16-ний өдрийн 00 цагаас өмнө Улиастай сумын 15 иргэнээс ковидын халдвар илэрчээ. Энэ өдрийн үдээс өмнө Сонгино, Их-уул, Улиастай, Тэлмэн, Дөрвөлжин сумдаас нийт 33 иргэн аймгийн хэмжээнд өчигдөр 78 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв.

Сэтгэгдэл бичих