Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог. Энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ахмад настны мөнгөн тусламж "Насны хишиг"-ийг 6 дугаар сарын 18-наас олгож эхэлж буйг ХНХЯ-наас мэдээллээ. Энэ жил нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөг олгох аж.
Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мөн мэдээллээ. Ингэхдээ ehalamj.mn системд хандан цахимаар холбогдон хүсэлтээ гаргах боломжтой. Мөн харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм. Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.
Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна. "Насны хишиг"-гийн нөхөн олголтыг 6 дугаар сарын 18-25-нд олгох аж. "Насны хишиг"-гийн олголтын хэмжээ:
- 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг,
- 70-79 настай ахмад 80 мянган төгрөг,
- 80-89 настай ахмад 150 мянган төгрөг,
- 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг тус бүр олгодог.