ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД М.БАЯРМАГНАЙ “ЕРЕВАНЫ ОЛОН УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ФОРУМ”-ЫН ДЭД ДАРГАЛАГЧААР АЖИЛЛАЛАА

оруулсан Алсын Хараа
Армен Улсын Засгийн газар болон Олон улсын Эрчим хүчний Хартийн байгууллагаас зохион байгуулсан “Ереваны олон улсын эрчим хүчний форум”-д Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай цахимаар оролцлоо. Тэрээр форумын дэд даргалагчаар ажиллаж, сайд нарын дугуй ширээний уулзалтыг нээсэн юм.
Энэ удаагийн форум “Тогтвортой хөгжлийн төлөө эрчим хүчний дэд бүтцийг дэмжих нь” сэдвийн дор зохион байгуулагдсан. Улс орнууд ногоон эрчим хүчинд шилжих, эрчим хүчний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд дэд бүтцийг хөгжүүлэхийн чухлыг цохон тэмдэглэв. Түүнчлэн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил дамнасан эрчим хүчний худалдааны гүйцэтгэх үүрэг оролцоо болон ухаалаг сүлжээ, төвлөрсөн бус эрчим хүчний системийн олон улсын шилдэг туршлагуудын талаар санал солилцлоо.
М.Баярмагнай “Энэхүү форум нь эрчим хүчний Хартийн тунхаг бичгийг шинэчлэхээрээ онцлогтой. Мөн Монгол Улс ирэх жил даргалагчийн үүрэг гүйцэтгэнэ. Манай улс бүс нутгийн эрчим хүчний интенграцийн бодлогод идэвхитэй байр суурь баримталж, дотоодын болон бүс нутгийн хэмжээнд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхамуудыг тодорхойлсон” гэв.
Олон Улсын эрчим хүчний Хартийн байгууллага 56 гишүүн орон болон 42 ажиглагч гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 1998 онд элссэн байдаг. Түүнээс хойш Эрчим хүчний Хартийн байгууллагатай хамтран эрчим хүчний судалгааг гүйцэтгэж, тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн юм.

Сэтгэгдэл бичих