Мягмар гарагт Португалийн шигшээ баг Унгарын шигшээ багийг нутаг дээр нь 3:0 харьцаагаар ялсны дараа тус багийн супер од Кристиано Рональдо түүхэн дээд амжилтуудын эзэн болжээ. Тэрбээр багийнхаа гурван гоолын хоёрыг хийснээр Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийт 11 гоол буюу хамгийн олон гоол хийсэн тамирчин болж түүхэнд бичигдлээ. Евро 2020 тэмцээнийг эхлэхийн өмнө Рональдо есөн гоолтойгоор Францын домогт хөлбөмбөгчин Мишель Платинитэй тэнцээд байсан юм.
Рональдо олон улсын ангиллын тэмцээнүүдэд нийт 106 гоол хийгээд байна. Үүнээс гадна тэр таван удаагийн Европ тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ. Рональдо анх 2004 онд 19 настайдаа Грект болсон тэмцээнд оролцож байжээ.
“Хамгийн чухал нь ялах байлаа. Маш сайн хамгаалалттай багтай тун ширүүн тоглосон ч бид гурван гоол хийж чадлаа. Намайг хоёр гоол хийхэд тусалсан багийнхандаа маш их талархаж байна” гэж Рональдо тэмцээний дараа ярьжээ.
Португаль-Унгарын шигшээ багуудын тоглолт Унгар улсын нийслэл Будапешт хотын Пускас Арена цэнгэлдэх хүрээлэнд болж, 55,662 хөгжөөн дэмжигч үзсэн юм. Энэ жилийн тэмцээний ихэнх цэнгэлдэх хүрээлэнгүүд цар тахлын улмаас суудлаа бүтэн дүүргэхгүй байгаа бол Унгар улс үзэгчдийн тоонд ямар нэг хязгаар тогтоогоогүй байна. Харин цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх үзэгчдээс вакцинжуулалтад хамрагдсан гэрчилгээ, шинжилгээний үр дүн зэргийг шаардаж байв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Унгар улсад коронавирусийн халдварын 782 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн нас баржээ.
Эх сурвалж: CNN