УОК: Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 79 суманд хорио тогтоосон

оруулсан Алсын Хараа

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.06.16/ мэдээлэл хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:

-Засгийн газрын 118 дугаар тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны  зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. УОК-ын хуралдаанаар 2021 оны тавдугаар сарын 15, 16-наас зарим төрлийн салбарын үйл ажиллагаа тусгай шаардлагын дагуу үе шаттай нээсэн. Ингэснээр нийтдээ 89 төрлийн үйл ажиллагааны 80-ыг нь нээж, есийг нь хаалттай хэвээр үлдээсэн. Цар тахлын эрсдэл нэмэгдэж буй учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд хийхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, дайллага цайллага, дэн буудал, нийтийн бүжиг, бүх төрлийн бүжиг, бүх төрлийн баар, соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын бүх арга хэмжээ, цахим ба автомат тоглоомын газар, өргөтгөсөн үзэсгэлэн  худалдаа, шашины сүм хийд, саун зэрэг газрууд хаалттай байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар,  түргэн  хоолны газар, цайны газар, буфетын үйл ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглосон. Мөн энэ хугацаанд амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон. Ингэснээр зөвхөн хүргэлтээр үйлчилнэ гэсэн үг. Битүү орчинд халдвар тархах эрсдэлтэй учраас ийм хязгаарлалт тогтоосон. Үүнтэй холбоотойгоор холбогдох байгууллагууд хатуу хяналт шалгалтыг хийнэ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан байнгын ажлын хэсгийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь болон Дорноговь аймаг руу ажиллуулах шийдвэр гаргасан. Хилийн боомтоор гарч буй хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр ажиллана. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 79 суманд цар тахлын хөл хорио тогтоож байгаа. Тийм учраас иргэд орон нутаг руу очих бол тухайн аймгийн Онцгой комисстой холбогдож, шаардлагыг биелүүлэх нь зүйтэй.

Цагдаа, мэргэжлийн хяналт гээд холбогдох байгууллагууд хамтран нийслэлийн хэмжээнд нийт 37 мянга орчим аж ахуй нэгжид хяналт тавьж ажиллана.  Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Учир нь Монголд 0-17 насны 1.1 сая хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй байна. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатарт 57 хөдөлгөөнт баг ажиллаж, халдварын голомтод үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Л.БАТТӨР:

-Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн эм эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалаас төлж байна. Ард иргэддээ "Синофарм" вакциныг хийлгэсэн улс орнуудад нас баралт харьцангуй бага байгаа нь харагдсан. Олон улсад хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд ховор байна. Зарим улс орнуудад нэмэлт гуравдугаар тун хийх судалгааг хийж байна. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд халдвар авсаар байна. Ихэнх мэргэжилтнүүд вакцины бүрэн тунд хамрагдаад ажлаа хийж байгаа. Харамсалтай нь халдвар авсаар байна. Нөхөн олговор тэтгэмжийн асуудалд зайлшгүй анхаарах ёстой.

Нөхөн олговор, тусламжийн асуудлыг анхаарах ёстой. ХӨСҮТ эмч мэргэжилтнүүддээ нэг сая төгрөг олгож байгаа ч хожимдож өгч байна. Сүүлийн үед эмч, мэргэжилтнүүдэд олгох нөхөн олговор, тусламжийн асуудал зогсонги байдалд орсон. Эмч нар бүрэн эмчлэгдээгүй байхдаа ажлаа хийж, халдвар тараах асуудал байх ёсгүй. Эрүүл мэндийн салбарынхан халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй. Олон улсад эрүүл мэндийн ажилтан халдвар авсан хувь 14 орчим байгаа бол манайд 6-8 хувьтай байна" гэв.

Сэтгэгдэл бичих