Францад 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

оруулсан Алсын Хараа

Францад нийтийн дархлаа тогтоож, коронавирусний илүү аюултай хувилбаруудын тархалтаас сэргийлэх үүднээс мягмар гаргаас эхлэн “COVID-19”-ийн вакцинд 12-оос дээш насны хүүхдүүдийг хамруулж эхэлжээ.

Өсвөр насны хүүхдүүд сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боловч эцэг эхийн зөвшөөрлөө авчрахаас гадна вакцин хийлгэхдээ тэдний хэн нэгэнтэй нь хамт ирэх ёстой байна. “Doctolib” цахим системийн мэдээллээр, эхний өдөр 62 мянган хүүхэд вакцин хийлгэхээр бүртгүүлжээ.

Эрүүл мэндийн сайд Оливье Вераны мэдээлснээр, хүүхдүүдийг вакцинжуулах нь нийтийн дархлаа тогтоох үйл явцыг түргэтгэж, есдүгээр сараас сургуулиудыг хичээллүүлэхэд хувь нэмрээ оруулахын сацуу зарим тохиолдолд халдварын шинж тэмдэг илэрч буй өсвөр насныхныг халдвараас хамгаалах ач холбогдолтой ажээ.

Өнгөрсөн 12 дугаар сарын 27-ноос вакцинжуулалтын аянаа эхлүүлсэн Францад эхний ээлжид өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулсан юм. Тийнхүү тавдугаар сарын 31-нээс насанд хүрсэн бүх иргэнийг вакцинжуулж эхэлжээ. Францын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, улсын хэмжээнд мягмар гаргийн байдлаар 30.47 сая хүн буюу насанд хүрсэн хүн амын 58 хувь нь эхний тунд хамрагдсан бол 14.36 сая хүн /27.4 хувь/ бүрэн тунгаа хийлгэсэн байна

Сэтгэгдэл бичих