БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ сарын 9-нд алсын тусгалтай их бууны ангийн хээрийн сургуулийг удирдан явууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.
"Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нөхөр Ким Жөн Ун гуравдугаар сарын 9-ний өдөр Солонгосын Ардын армийн алсын тусгалтай их бууны ангийн сургуулийг дахин удирдан явууллаа” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна. "KCNA" агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун сургуулилалтын үр дүнд "сэтгэл маш хангалуун байгаагаа" илэрхийлжээ.
Түүнчлэн алсын тусгалтай их бууны ангийн гэнэтийн хариу цохилт өгөх чадварыг шалгах зорилгоор энэ удаад гал нээсэн болохыг агентлаг онцлон тэмдэглэсэн байна.