Дэлхийн хамгийн түгээмэл спорт болох хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Нэг сарын хугацаанд спорт, тэр тусмаа хөлбөмбөгийн сая сая үнэнч фанатыг гайхалтай тоглолтуудаар байлдан дагуулах тус тэмцээний эрх авсан багууд 9.5 сая евро халааслах бол хэсэгтээ хожвол 1.5 сая, хайнцвал 750 мянгаар шагнуулна. Харин түрүүлбэл 34 сая еврог өвөртөлж гэртээ харих нь ээ. Европын хөлбөмбөгийн холбоо 60 жилийн ойгоо тохиолдуулан 13 улсыг хамруулан төлөвлөсөн ч Ирланд татгалзан, Бельги цэнгэлдэх хүрээлэнгээ гүйцээгээгүйн улмаас тоглолт хүлээн авах боломжгүй болжээ. Ингэснээр 11 улсын 11 хотын 11 өөр цэнгэлдэх хүрээлэнд ЕАШТ үргэлжилнэ. Цар тахлын хүнд нөхцөлд болж буйг харгалзан үзэж нэг багийн тоглогчдын тоог гурваар нэмж, 26 болгосон байна. Үүнээс гадна тоглолтын өмнө 13 тоглогч хүрэхгүй бол шууд хойшлуулах аж. Хойшлуулсан хугацаанд хүнээ бүрдүүлээгүй баг 3:0-ээр хожигдол хүлээх нь. Португалийн шигшээ багийн цом өргөсөн тэмцээнээс хойш таван жилийн дараа эхэлж буй ЕАШТ-ий нээлт Италийн Ром хотын “Олимпико” цэнгэлдэх хүрээлэнд Итали, Туркийн тоглолтоор эхэлсэн юм. Хэсгийн сугалаа болон “А”, “В” хэсгийн эхний тоглолтуудын тоймыг хүргэе.
А хэсэг: Турк, Итали, Уэльс, Швейцар
B хэсэг: Дани, Финланд, Бельги, ОХУ
C хэсэг: Нидерланд, Украин, Австри, Умард Македон
D хэсэг: Англи, Хорват, Шотланд, Чех
E хэсэг: Испани, Швед, Польш, Словак
F хэсэг: Унгар, Португали, Франц, Герман
ИТАЛИ 3:0 ТУРК
Гоол: Демирал (53 дахь минут авто гоол), Иммобиле (66 дахь минут), Инсинье (79 дэх минут)
Италичууд нутаг дээрээ Туркийг 3:0-ээр хожлоо. Тоглолтын 53 дахь минутад Италийн шигшээ багийн жигүүрийн довтлогч Доминико Берардигийн хөндлөн дамжуулалт Туркийн шигшээ багийн төвийн хамгаалагч Мерих Демиралын цээжинд ойж гоол орсон. Харин үүнээс хойш 66 дахь минутад Чиро Иммобиле, 79 дэх минутад Лоренцо Инсинье нар тус бүр нэг гоолоор багтаа бэлэг барилаа. Италийн шигшээ баг тоглолтын эхнээс бөмбөгийг түлхүү эзэмшиж, хэмнэлийг гартаа атгасан ч нэгдүгээр үед Туркийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй байв. Гэвч хоёрдугаар үед эхний гоол орсноор Туркийн шигшээ багийн хамгаалалт суларч, олон гоол орох нөхцөл бүрдсэн.
УЭЛЬС 1:1 ШВЕЙЦАР
Гоол: Брил Эмболо 49 дэх минут, Киффер Мур 74 дэх минут
“Евро-2020” тэмцээний “А” хэсгийн хоёр дахь тоглолт Азербайжаны нийслэл Баку хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд Уэльс, Швейцарын хооронд боллоо. Тоглолтын өмнө мэргэжилтнүүд Швейцарын шигшээг хожно хэмээн таамаглаж байсан. Улмаар швейцарчууд 49 дэх минутад гоолын салхийг хагалсан. Уг гоолын эзэн нь Эмболо байлаа. Тэгвэл тоглолтын үндсэн цаг дуусахаас 16 минутын өмнө Уэльсийн шигшээ багийн довтлогч Мур тоог тэнцүүлэв. Үүнээс хойш гоол ороход дэндүү бага хугацаа үлдсэн байсан бөгөөд хоёр баг нэг оноо халааслаж байна. Хэсгийн эхний тоглолтын дараа Итали гурван оноотой тэргүүлж байгаа бол Уэльс, Швейцарь тус бүр нэг оноотой, харин Турк оноо аваагүй байна.
ДАНИ 0:1 ФИНЛАНД
Гоол: Похьянпало 59 дэх минут
Данийн Копенгагенд болсон “Евро-2020” тэмцээний Дани, Финландын багийн тоглолтын үеэр эмгэнэлт үйл явдал болох шахав. Тоглолтын 42 дахь минутад Данийн багийн лидер Кристиан Эриксен бөмбөг авах гэж байгаад гэнэт унасан юм. Түүний зүрх зогссон гэж дараа нь эмч нар оношилсон бөгөөд багийн андууд нь талбай дээр зүрхний массаж хийж, анхны тусламж үзүүлсэн. Шүүгч Энтони Тейлор тоглолтыг зогсоож, эмч нар талбай дээр шууд тусламж үзүүлсэн нь дээр гэж үзжээ. Хэсэг хугацааны дараа Эриксен ухаан орж, түүнийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нарын баг шуурхай тусламж үзүүлсний ачаар амь насыг нь аварч чадлаа. Цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг хойшлуулах талаар ярьж байсан ч тамирчид үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингээд эцэст нь Данийн баг талбайдаа 0:1-ээр хожигдлоо. Финландын багийн хувьд Европын дэвжээнд анхны ялалтаа авсан түүхэн өдөр байсан ч тэд баяраа тэмдэглээгүй юм.
ОХУ 0:3 БЕЛЬГИ
Гоол: Лукаку 10 дахь минут, Мёнье 34 дэх минут, Лукаку 88 дахь минут
ОХУ-ын Санкт Петербург хотод “В” хэсгийн өөр нэг тоглолт болов. Тодруулбал, оросууд нутаг дээрээ Бельгийн “Улаан чөтгөрүүд”-ийг хүлээн авчээ. Гэвч уг тоглолт зочин баг болох Бельгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Тэд 90 минутын хугацаанд талбайн эздийн хаалгыг гурван гоолоор мялаах нь тэр. “Улаан чөтгөрүүд” гайхамшигтай сайхан тоглоогүй ч бага хүчээр хэрэгтэй ялалтаа авч чадсан юм. Оросын багийн дасгалжуулагч Станислав Черчесов сүүлийн нөхөрсөг тоглолтуудад таван хамгаалагчтай тоглож байсан. Энэ удаад дөрвийг гаргасан ч хамгаалалтын бүсээ хамгаалж чадсангүй. Эхний гоолыг хамгаалагчийн алдааг ашиглан Лукаку оруулсан бол Мёнье мөн л талбайн эздийг алдаан дээр ажиллалаа. Хоёрдугаар үед оросууд төвийн гурван хамгаалагчтай хувилбарт шилжсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Завсарлагааны дараа Бельгийн баг довтолгоогоо сулруулж, эсрэгээрээ оросууд дайрч эхэлсэн ч хаалгач Куртуаг сандаргасангүй. Ингээд эцэст нь Лукаку дахин нэг гоол оруулснаар Бельгийн шигшээ эхний ялалтаа нэр төртэйгөөр авлаа.