Дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрний удирдагчдын уулзалт Баасан гарагт Британийн баруун өмнөд Корнвол гүнлэгийн далайн эрэг дэхь Карбис Бэй тосгонд эхэлжээ.
АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы төрийн тэргүүнүүд коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзацгааж байгаа нь энэ юм.
Тэдэн дээр нэмээд Европын Холбооны хоёр удирдагч Корнволд ирсэн байна. Их Долоогийн удирдагчид Баасан гарагаас эхлээд Ням гарагийг хүртэл гурван өдөр ихэвчлэн хаалттай хуралдах юм.
Уулзалтын гол сэдэв нь дэлхий дахины коронавирусийн эсрэг вакцинжуулалт, уур амьсгалын өөрчлөлт байх төлөвтэй байна.
Баасан гарагийн орой Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабет долоон гүрний удирдагчдыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлжээ.
Эхний өдрийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн эсрэг вакцины 500 сая тунг дэлхийн буурай хөгжилтэй улс орнуудад хандивлахаа амлаж, бусад удирдагчдад ижил арга хэмжээ авахыг уриалсан юм.
Дараах зураг дээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Ёшихиде Сүга, Германы канцлерь Ангела Меркель, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Италийн ерөнхий сайд Марио Драги, Европын Холбооны удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен нар байна.
Эх сурвалж: BBC