Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр боксын үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хороо, "Ажнай" корпорацын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Энэхүү хүндтэй шагнал хүртсэн “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар энэ баярт мөчид сэтгэгдлээ хэлэхдээ: “Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр олон хүн төрийн дээд шагнал хүртэж байна. Энэ гавьяатай хүмүүсийн нэг болж, Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол хүртэж байгаадаа миний бие болон манай боксын хамт олон маш баяртай байна. Энэхүү хүндтэй цол надад илүү их итгэл, хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрлээ. Улам их хичээж олимпын медальтан болохын төлөө бүх хүч, ур чадвараа дайчлан зүтгэх болно. Боксын хамт олон, ард түмэндээ баярлалаа” гэлээ.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө /2021.05.31/ Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д аваргын төлөөх тулаанд “Токио-2020” олимпын эрх аваад байгаа Ираны боксчин Данияал Шахбахшийг 5:0-ээр илт давуу ялж, Азийн хошой аварга болсон билээ.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2008 оноос боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 8 удаа алтан медаль хүртсэн байна. Мөн Монголын бүх ард түмний их наадмын алтан медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод зохиогдсон хүүхдийн их наадамд мөнгөн медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.
Тэрбээр 2016 оны 6 дугаар сард Азербайжан улсын Баку хотноо болсон олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 7 удаа тулалдаж, 6 ялалт байгуулан, мөнгөн медаль хүртэн, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрхээ авч байсан билээ.
Өнөөгийн гавьяат Э.Цэндбаатар ийнхүү 20 настайдаа хүн төрөлхтний спортын баяр цэнгэлийн дээд, олимпын наадмыг зорьж “Рио-2016” Зуны олимпын XXXI наадамд шилдгуудтэй 3 тулаан хийж, 2 ялалт байгуулан, шагналт 5 дугаар байрт шалгарсан юм.
Улмаар “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болоод байгаа бөгөөд “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд хүчээ сорих эрх авсан Монголын шигшээ багийн тамирчдаас олимпын медальтан болох хамгийн их найдвар төрүүлж буй тамирчдын нэг билээ.