“Локарно” олон улсын 74 дэх удаагийн кино наадам Швейцар улсын Локарно хотноо энэ оны наймдугаар сарын 4-14-нд болно.
Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмждэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр оролцоно. Мөн “Open doors lab” буюу жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар зургаан өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт найруулагч Л.Бат-Амгалан нар оролцохоор сонгогдоод байна.
Өнгөрсөн жилийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын үеэр нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртсэн. Тухайлбал, найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн 40 мянган швейцар франкийн тэтгэлэгт шагналыг хүртсэн. Харин найруулагч П. Лхагвадулам тус кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртсэн бол найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор Нидерландын Роттердам хотноо болсон “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрхийг авсан.
Швейцарын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 19 жилийн турш хэрэгжиж байгаа тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь 2019-2021 онд Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцолж, дэмжиж байгаа бөгөөд энэ жил Монгол Улс “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн онцлох орноор оролцож байгаа сүүлийн жил болж байна.