Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн 19:00 цагийн байдлаар танилцуулж байна.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 959,588 сонгогч буюу 47 хувийн ирцтэй байна. 2,087 хэсгийн хорооноос 14-ийнх нь санал нэгтгэгдээгүй байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх удаагийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо байна. Санал авах байрууд хаагдахад хоёр цаг үлдээд байна. Тиймээс сонгогчдоо саналаа өгөхийг СЕХ-ноос уриалж байна.
‑Сэлэнгэ аймагт сонгогчдын ирц хангалтгүй байна. Энэ янзаараа санал авах хугацаа өндөрлөвөл тус аймагт нэмэлт санал хураалт явуулах уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс бүтнээрээ нэг тойрог болдог. Тиймээс улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрэх юм бол аль нэг хэсэг, аймагт 50 хувь хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно.
-Хэсгийн хороодын дүн мэдээ хугацаандаа нэгтгэгдэхгүй удаж байгаагийн шалтгаан юу вэ?
-Нийслэлийн болон аймгуудын төвийн сумдын бүх хэсэг, дээрээс нь Орхон, Дархан-Уул аймгийн бүх хэсгүүд цаг тутам дүн мэдээгээ ирүүлж байгаа. Бусад хэсгийн хороодын тухайд дөрвөн цаг тутамд дүнгээ ирүүлж байна. Энэ нь дэд бүтэцтэй холбоотой. Зарим сүлжээгүй газарт явж дүн мэдээгээ танилцуулж байгаа.