Казахстан тусгаарлалтын журам зөрчсөн иргэдийг торгоно

оруулсан Алсын Хараа

 Казахстаны эрх баригчид 6 дугаар сарын 10-наас эхлэн тусгаарлалтын дүрэм, журам зөрчсөн иргэдийг торгох шийдвэр гаргажээ.

“Халдвар авсан болон тэдэнтэй ойр харьцсан хүмүүсийг заавал тусгаарлах журмыг тусгасан эрүүл ахуйн дүрэм журмыг Эрүүл мэндийн яам баталлаа. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд захиргааны шийтгэл ногдуулна. Дүрэм журам 6 дугаар сарын 10-нд хэрэгжинэ” хэмээн Эрүүл мэндийн яамны эрүүл ахуй, халдварт өвчний хяналтын хорооны мэдэгдэлд дурдсан байна.

Тусгаарлалтын дэглэм зөрчсөн хүмүүсийг “Ashyq” гар утасны хавсралтаар илрүүлэх аж.

“Иргэд халдвар авсан тухайгаа мэдсэн хэдий ч тусгаарлалтын журмыг зөрчиж, ойр тойрныхондоо халдвар авах эрсдэлийг зориуд учруулсан тохиолдолд 87510 тэнгэ бүхий мөнгөн торгууль ногдуулна” гэж мэдэгдэлд мөн дурдав.

Үүнтэй холбогдуулан хяналтын хороо хөл хорионы шаардлагыг биелүүлэхийг казахстанчуудад уриалжээ. Түүнчлэн торгууль ногдуулснаар халдварын дэгдэлтийг хяналтандаа авна гэж найдаж байна.

Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын 395 064 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 4076 хүн нас барсан байна.

Сэтгэгдэл бичих