Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг цуцаллаа

оруулсан Алсын Хараа

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болсон талаар МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар өнөөдөр мэдээлэв. 

Тодруулбал, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусээр халдварласан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн гэргийн хамт эмчлүүлж байгаа юм. Гэвч коронавирусний халдварын улаан бүс рүү мэтгэлцээн зохион байгуулах техникийн ажилтнуудыг оруулах боломжгүй гэдгийг тухайн эмнэлгээс мэдэгдээд байгаа аж. Иймд мэтгэлцээнийг явуулах боломж байхгүй гэдийг мэдэгдлээ. 

Тус телевиз мэтгэлцээн зохион байгуулахаар өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ хангаад байв. Ингэхдээ, мэтгэлцээний үеэр ажиллах 190 хүнтэй багийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг хариутай гарчээ. Мөн хэлэлцүүлэгт дөрвөн дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулагчтэй байхаар төлөвлөсөн байна. Нэр дэвшигчид таван сэдвийн хүрээнд мэтгэлцэх бөгөөд улс төрийн намуудад үндсэн дүрмийг танилцуулжээ.

Мэтгэлцээнийг үндэсний телевизийн эфир, радиогоор цацахын зэрэгцээ MNB world сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулахаар бэлтгэл хангасан. Түүнчлэн Clubhouse цахим сүлжээгээр дамжуулахаар төлөвлөсөн байсныг МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар мэдээллийн үеэр тэмдэглэв.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн өнөөдөр 17.30 цагаас МҮОНРТ-ээр улс орон даяар шууд дамжуулагдахаар төлөвлөж байсан юм.

Сэтгэгдэл бичих