Монгол Улсын Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-28-нд цахимаар болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн билээ.
Тус газрыг дэлхийн бүртгэсэн тухай батламжийг гардуулах ёслол энэ сарын 4-нд Гадаад харилцааны яаманд болов. Манай улс 1990-2007 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 6 газрыг бүртгүүлсэн бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд бүртгүүлэв.
Тосон-Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг. Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Мөн монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.