Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн шагнал "Александр Невск"-ийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр дээрх шагналыг олгох зарлиг гаргасан билээ. “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, Сансрын нисэгч Ж.Гүррагчааг тус одонгоор шагнасныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 1-нд Москва хотноо гардуулан өгсөн юм.
Ерөнхийлөгчийн зарлигт, "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.
Одон гардуулах үеэр, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад энэхүү одонг гардуулан өгч байгаадаа их баяртай байгаагаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, 1981 оны гуравдугаар сарын 22-нд Монголын иргэн Ж.Гүррагчаа, ЗХУ-ын иргэн В.Жанибеков нар Монгол, ЗХУ-ын хамтарсан нислэгээр сансарт ниссэн билээ. Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн гэж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Энэ онд монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна.