АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй энэ сарын сүүлээр уулзах үеэрээ саяхан “JBS” мах боловсруулах компанийг онилон цахим халдлага үйлдсэн хэмээн үзэж буй этгээдүүдийг орогнуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдээлэв.
Лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакийн мэдээлснээр, Ж.Байден Бразилын мах боловсруулах компанийн Америк дахь охин компани болох “JBS”-ийн Австрали, Хойд Америк дахь үйл ажиллагааг доголдуулсан халдлагыг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаас гадна хүний эрх, Украиныг чиглэсэн ОХУ-ын түрэмгий бодлого зэргийн улмаас хоёр их гүрний харилцаа хурцдаад буй үед Ж.Байден ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Швейцарын Женев хотноо зургаадугаар сарын 16-нд уулзахаар товлоод буй юм.
Орост байрладаг хэмээн таамаглаж буй хакеруудын бүлэглэл төлбөр төлөхийг шаардсан гэдгийг “JBS” компани АНУ-ын Засгийн газарт мэдээлснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мягмар гарагт уламжилсан байна. Мөн "Цагаан ордон энэ асуудлаар ОХУ-ын Засгийн газартай холбоо тогтоож, хариуцлагатай улс орнууд цахим орчинд гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг орогнуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна" хэмээн мэдээлжээ.