ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "НАЙРАМДАЛ" ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГАД ИХ ЗАСВАР ХИЙЖ, ЦААШИД ТУХАЙН БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОХГҮЙ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд  залуучуудын театр, "Бамбарууш кафе", Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Хүрээ амаржих" газарт ажиллалаа.

Эхлээд "Найрамдал" Олон улсын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр зуслангийн удирдлагууд "Өвлийн оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Энэ жил 70 гаруй сая төгрөгийн урсгал засвартай байгаа. Нүүрсний зардал их, жилд 430 гаруй сая төгрөгийн дулаалгын зардал гардаг. Анхдагч үнээр нүүрс авах боломж алга. Уурын зуухны хувьд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгээгүй. Орбитоос Найрамдал орох замын асуудал хүнд байна" гэдгийг хэллээ.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал зуслангийн эргэн тойронд дахиж газар олголт хийхгүй Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан. “Найрамдал” зусланд иж бүрэн засвар хийнэ. Энэ засварт уурын зуухны асуудал орно. Олон улсын хүүхдийн зуслан болох ажил хийгдэнэ. "Найрамдал -2" зуслангийн ажил Хөвсгөл аймагт хийгдэж, улсын төсөвт хөрөнгийг нь тусгахаар болсон" гэв.

Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Соёлын ордны барилгын явцтай танилцлаа. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Хүүхэд, залуучуудын  оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан юм. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар боллоо.


Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй. 70 жил хөгжсөн театрынхаа үргэлжлэлийг бид авч явна. Түүхэн үйл явдал хэдий боловч энэ театрт ажиллаж байсан, цааштд ажиллах уран бүтээлчид бүгд та бүхний итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна. Дээрээс нь хүүхэд, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт төдийгүй хүмүүжил, ёс суртахууны өргөн мэдлэгийг тэлэх том гарц гэж харж байна" гэлээ.

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй ажиллаж байгаад хувьчлагдсанаар нэр, чиглэл нь өөрчлөгджээ. Одоогийн эзэмшигчид нь хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар бий. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг гэдгийг онцоллоо.

"Моннис" группийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Мөнхбаатар "Бид "Бамбарууш" кафег нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн чиглэлээр бус хүүхдүүдэд хандсан эрүүл хооллолт, сургалтын төвтэй, номын сантай цогц төв байхаар тохижуулах шийдвэр гаргасан. Заавал төр гэлгүй хувийн хэвшил ч өөрсдөө хүүхдийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийх ёстой" гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав. Эмнэлгүүдийн барилга болон бусад асуудалтай танилцаж заримыг нь шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, Хүрээ амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан Хүрээ"амаржих газар л гэхэд 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Засгийн газраас Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авна.

 

Сэтгэгдэл бичих