Мьянмарын тамирчид цэргийн эргэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна

оруулсан Алсын Хараа

/NHK/. Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх тамирчдын тоо нэмэгдэх болжээ.

Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, цэргийнхэн эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох үеэр 800 гаруй иргэн амиа алдсан байна. Үүнтэй зэрэгцэн улс төрийн оролцоог хориглодог спортын салбарт сүүлийн үед цэргийнхнийг эсэргүүцэх явдал өсөх хандлагатай болжээ.

Тухайлбал, Мьянмарын хөлбөмбөгийн тамирчид 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Японы эсрэг тоглох үндэсний шигшээ багт нэгдэхээс татгалзсан байна.

Тэдгээр тамирчны дунд үндэсний шигшээ багт 10 гаруй жил тоглосон Зау Мин Тун тэргүүтэй тамирчид багтаж байгаа юм. Тэрбээр “NHK” телевизэд, “Миний хувьд Мьянмарын ард түмэнтэйгээ нэгдмэл байж, шударга ёсны талд зогсохын тулд ийм шийдвэр гаргасан” хэмээн ярьжээ.

Мөн Мьянмарын нэрт усанд сэлэгч, улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг нэгэн тамирчин Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байх шийдвэр гаргаснаа зарласан байна. “Хэрэв би цэргийхэн засгийн эрхийг барьж байх үед наадамд өрсөлдвөл үүнийг маань цэргийн хунтын суртал ухуулга болгон ашиглаж магадгүй” гэж тэрбээр хэлжээ.

Сэтгэгдэл бичих