Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит бус Их Эе хуралдан холбооны тэргүүнийг сонгох сонгууль болж, ирүүлсэн 185 саналын 69 хувь буюу 128 саналаар Монгол Улсын заан Ц.Магалжавыг сонголоо.
Бямба гарагт болсон уг сонгуульд нэр дэвшсэн улсын заан Б.Сайнбаяр 48 санал, Б.Баярбаатар 2 санал тус тус авсан бол улсын аварга С.Мөнхбатын хувьд өөрийн хүсэлтээр нэрээ татжээ. Харин танхимаас О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга нарыг тэргүүнд нэр дэвшүүлсэн ч өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан юм байна.
Тус холбооны тэргүүнээр ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгсөн тул тэргүүний үүргийг дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав түр орлон гүйцэтгэж байсан юм.
Энэ удаагийн ээлжит бус Их Эе хуралд МҮБХ-ны дүрмийн дагуу 256 төлөөлөгч оролцсон байна.
Ташрамд дуулгахад, МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д улсын аварга, арслан, гарьд, заан цолтнууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно гэж заажээ.
Үүнд: Улсын аварга - 12, Улсын арслан - 11, Улсын гарьд - 10, Улсын заан - 27, сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан – 6, бөхийн зүтгэлтэн - 5, бөх судлаач - 5, бөх тайлбарлагч - 5, жаяг дэгийн баг - 5, засуул - 5 тус тус багтжээ.