Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал энэ сарын 30-нд эхэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авлаа.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцаж, Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр болох гэр музей”-тэй танилцан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Улаан-Үд хотноо хүлээн авч  уулзан, хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим ёслолд оролцох юм.

Түүнчлэн айлчлалын дараа Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Энэ үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзах аж.

Сэтгэгдэл бичих