Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлсэн. Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 салбар комисс ажиллаж байна.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагийн байдлаар 14 салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна. Австралийн Канберра хотод 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57.7 хувь нь саналаа өгчээ. Мөн Японы Осака хотод 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.
БНСУ-ын Пусан хотод 12.00 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь нь саналаа өгөөд байна. ОХУ-ын Улаан-Үд хотод 26 хүн саналаа өгчээ. ОХУ-ын Эрхүү хотод 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувь, Вьетнамын Ханой хотод 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.
Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна. БНХАУ-ын Шанхай дахь салбар комиссын 12.00 цагийн ирц 36 хувьтай байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17.00 цагт дахин мэдээлэх талаар гадаад улс орнуудад ажиллаж байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.