Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын 02 дугаар сарын 26-ны захирамжийн биелэлтийг НМХГ шалгаж байна.
Шалгалтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байдаг “Од” авто угаалгын газар, “Найс” дэн буудал зөвшөөрөлгүй ажиллаж байжээ. Зөрчлийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс илрүүлж, дээрх газруудад зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Мөн тус дүүргийн 1-р хороонд байрладаг боорцогны үйлдвэрийг шалгахад эрүүл ахуйн шаардлага хангахгүй, баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрчээ. Шалгалтаар тухайн үйлдвэр зөөврийн устай, гар угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй байв. Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна.