Коронавирусийн Британи, Энэтхэг хувилбаруудын “эрлийз хувилбар” илэрснийг Вьетнам улс зарлажээ

оруулсан Алсын Хараа

Шинэ коронавирусийн Британи, Энэтхэг хувилбаруудын дундаас бий болсон “эрлийз хувилбар”-ыг илрүүлснээ Вьетнамын засгийн газар Бямба гарагт зарлажээ.

Уг шинэ хувилбарыг агаар дуслын замаар маш хурдтай тархдаг гэж тодорхойлсон байна.

Цар тахлын эхний нэг жилд халдвар тархалтыг маш сайн хязгаарлаж байсан Вьетнам улсад дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн нөхцөл байдал хүндэрсэн юм.

Тус улсад одоогоор халдварын 6,856 тохиолдол бүртгэгдсэний талаас илүү хэсэг нь сүүлийн сар орчим хугацаанд бүртэгджээ. Нийтдээ 47 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас бараад байна.

Вьетнам улсад өмнө нь вирусийн Британи хувилбарын B.1.222, B.1.619, D614G, B.1.1.7 гэсэн дөрвөн төрөл, Энэтхэг хувилбарын B.1.351, A.23.1, B.1.617.2 гэсэн гурван төрөл бүртгэгдээд байжээ.

Шинэ эрлийз хувилбарын геномийн мэдээллийг удахгүй дэлхий нийтэд ил болгохоо Вьетнамын эрүүл мэндийн сайд Нгуен Тан Лон мэдэгдсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага одоогоор коронавирусийн Энэтхэг, Британи, Өмнөд Африк, Бразил гэсэн дөрвөн хувилбарыг “global concern” буюу аюултай ангилалд оруулаад байгаа.

Вьетнамын засгийн газар Covax хөтөлбөрийн хүрээнд 10 сая тун вакцин, Pfizer вакцины 20 сая тун, Спутник V вакцины 40 сая тунг ойрын үед авахаар болсныг өчигдөр бас мэдээлжээ.

98 сая хүн амтай тус улсын нэг сая гаруй иргэн вакцины эхний тунгаа тариулснаас ердөө 28,529 нь давтан тунгаа тариулжээ.

 

Сэтгэгдэл бичих