Г.Заданшатар: Улаанбаатарын төвлөрлийг сааруулахын тулд Өвөрхангайг шинэ суурьшлын бүс болгоно

оруулсан Алсын Хараа

УИХ-ын дарга Г.Занданшатар баруун таван аймагт ажиллах томилолтоо өнөөдөр Өвөрхангай аймгаас эхлүүлж байна. Түүнийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар дагалдан яваа юм.

УИХ-ын дарга иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ-аас баталсан шинэ хуулиуд, хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Мөн ирэх жилүүдэд УИХ, Засгийн газраас орон нутагт, тэр дундаа Өвөрхангай аймагт хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг өгөв.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд Өвөрхангай аймгийг шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газраас тавьсан. Үүний тулд Арвайхээрийг хотын статустай болгож, нийслэлийг баруун таван аймагтай холбох зам харилцааны зангилаа төв болгон хөгжүүлэх, дулааны станцыг шийдвэрлэх, Орхоны хөндийд Олон улсын онгоцны буудал бүхий шинэ хот байгуулах талаар судалж, ТЭЗҮ-ийг боловсруулна хэмээн тэрээр хэллээ.

Мөн 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр буюу одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт уламжлалт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалан, хөнгөн хүнсний үйлдвэр, боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар тусгасныг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс улс орны өр зээлийн асуудал, цар тахлын нөхцөл байдлын талаар асууж, үндэсний бичиг үсэг, өв соёлоо хадгалж хамгаалах, тэтгэврийн зөрүүг арилгах, иргэний эрхзүйн шинэчлэлийг хийх талаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Иргэдийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар тодорхой хариултыг өглөө.

Сэтгэгдэл бичих