“COVID-19” халдвартай, Франц улсын иргэнийг Дорноговь аймгаас өнөөдөр өглөө авчран ХӨСҮТ-д тусгаарлалаа. Тус аймагт очсон эмч нартай холбогдож нааш авчрах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал,“Мэргэжлийн эмч нар Дорноговь аймагт очиж, бидэнтэй цахимаар холбогдсоны үр дүнд Франц улсын иргэнийг шилжүүлж авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Ирэх замд тухайн иргэний биед хүндрэл үүсээгүй. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр байна. Бид ДЭМБ-аас өгсөн удирдамжид тусгасан бүх эмчилгээ, оношилгоог хийж байгаа. Мөн БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартай цахим уулзалт хийн ярилцаж, туршлага солилцсон. Мөн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр өглөө 107 зорчигч ирснээс 70 хүнийг үзлэгт хамруулж, асуумж авсан. ХӨСҮТ-д 9, Багабаянгийн амралтад 31 хүнийг тусгаарлалаа. Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг сэжигтэй тохиолдлыг Дархан-Уул аймагт тусгаарласан. Тус аймагт 63 хүнийг ажиглалтад авсан бол Сэлэнгэ аймагт 81 хүн байна. Үүнээс 65 хүн ажиглалт, 16 хүн тусгаарлалтад орсныг хянаж байгаа бөгөөд биеийн байдал бүгд хэвийн байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1 206 тохиолдлыг тусгаарлан хяналтад авсан. Мөн өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтал 171 хүн байгаа” гэлээ.