Токиогийн Олимпын коронавирустэй тэмцэх дүрэм журмыг хангалтгүй гэж үзжээ

оруулсан Алсын Хараа

/NHK/. Энэ зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцогчдын дагаж мөрдөх коронавирусний эсрэг дүрэм журмыг сайжруулахыг АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн дөрвөн мэргэжилтэн уриалжээ.

“New England Journal of Medicine” сэтгүүлд Миннесота муж улсын их сургуулийн профессор Майкл Остерхольм тэргүүтэй судлаачид энэ талаарх нийтлэлээ хэвлүүлжээ. М.Остерхольм нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены шилжилтийн багийн “COVID-19”-ийн асуудлаар зөвлөх ажлын хэсгийн гишүүн юм.

Нийтлэлд Олимпын наадамд оролцогчдын дагаж мөрдөх, коронавирусээс урьдчилан сэргийлэх “Токио-2020” гарын авлагын талаар голчлон бичжээ. Энэхүү гарын авлагыг Олон улсын олимпын хороо /ОУОХ/, Олон улсын паралимпын хороо, Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо хамтран гаргасан юм.

“Гарын авлага шинжлэх ухааны үүднээс эрсдэлийн нарийвчилсан үнэлгээнд тулгуурлаагүй” гэж мэргэжилтнүүд нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ. Тэдний үзэж буйгаар, ОУОХ бүх тамирчныг ухаалаг гар утасны тусламжтайгаар ойр байсан хүмүүс, эрүүл мэндийн байдлын мэдээллийг нь хянана гэж байгаа ч Олимпод оролцох цөөн тамирчин л утсаа биедээ байлган өрсөлдөх боломжтой байна.

Мөн тэмцээнүүдийг дотор болон гадаа зохион байгуулах, тамирчид хоорондоо ойр байх эсэх зэргийг нь харгалзан нарийвчлан ангилах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн Паралимпод оролцох зарим тамирчин өндөр эрсдэлтэй бүлэгт орж магадгүйг дурдсан байна. Үүнээс гадна дасгалжуулагчид, сайн дурынхан, зочид төлөөлөгчид, тээврийн болон зочид буудлын ажилтнууд зэрэг мянга мянган хүнийг хамгаалах нөхцөл дутмаг байна хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.

Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцгой байдлын хороог яаралтай хуралдуулж, Токиогийн Олимпын эрсдэлийн зохицуулалтад зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж үзжээ. Мөн уг хороонд халдварт өвчин судлаачид, тамирчдын төлөөллийг оруулах хэрэгтэйг дурдсан байна.

Токиогийн Олимпын гарын авлагын эцсийн хувилбар ирэх сард хэвлэгдэх юм.

Сэтгэгдэл бичих