Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг байгуулав

оруулсан Алсын Хараа

МҮЭХ-оос "Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр"-ийг эхлүүлэх саналаа Засгийн газар, МАОЭНХ-нд ирүүлсэн.

Үүнтэй холбоотой "Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Ерөнхий сайдын захирамжийн төслийг боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан, Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулан хэлэлцүүлж, ойлголтуудаа нэгтгэн, журмын дагуу улсын хэлэлцээрээ байгууллаа.

Ерөнхий сайдын энэ оны гуравдугаар сарын 3-ны захирамжаар Улсын хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнийг батлуулсан. Энэ хэлэлцээрт МҮЭХ-ноос 74, МАОЭНХ-ноос 17, нийт 91 санал ирүүлжээ. Төслийг хэлэлцээрийн бүлэг, зүйл бүрээр хэлэлцэх, зарим саналыг нэгтгэх, улсын хэлэлцээрт агуулгын хувьд нийцэхгүйг хасах, найруулах зэргээр ажиллан 8 бүлэг 60 зүйл бүхий хэлэлцээрийг байгуулжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан иргэдийн орлогыг нэмэх хүрээнд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн дагуу 2022 оноос инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх юм.

Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд Засгийн газар хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд анхаарч байгааг ХНХЯ мэдээллээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд "Нийгмийн түншлэл" гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойлов.

Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих