Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар МАХН-ын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасахаар шийдвэрлэв.
Тодруулбал, хуралдаанаар МАХН, МАН-тай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн тус намын энэ сарын 16-нд хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээс хасаж шийдвэрлэв.
МАН, МАХН нэгдэн нийлснээр улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулж сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа хоёр намын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр мэдэгдэж байсан билээ.