УГТЭ уушги орлуулагч аппараттай боллоо

оруулсан Алсын Хараа

Улсын Гуравдугаар төв эмнэлэг 2021 оны 4 дүгээр сарын 13-наас эхлэн коронавируст халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, эмнэлгийн нөхцөлд зайлшгүй тусгаарлан эмчлэх шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

ЭМЯ-наас тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх (ЭКМО) аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгөв.

Коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг бөгөөд ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ЭКМО технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангаад байна.

Энэхүү аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусний шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой тул хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалахад олон жил үр дүнтэй ашиглах боломжтой болж байна.

Сэтгэгдэл бичих