Үзэгчгүй сумог Хакухо нарын дөрвөн бөх тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Үзэгчгүйгээр Осака хотноо эхэлсэн Хару башёгийн 4 дэх өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Окиноүмиг уватэнагэ мэхээр хаяж 4 даваатай болов. Их аваргатай хамт 4 сумоч 4 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Энэ башёд 1 унаатай яваа 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Такаясүг цукиотоши мэхээр унагаж 3 даваатай болсон бол Озэки Такакейшо, Дайэйшог ошидаши мэхээр хаяж 1 унаатай байна. Сэкиваке Асанояма, Комүсүби Хокүтофүжиг сукуинаге  мэхээр хаяж 4 даваатай болсон бол Хокүтофүжигийн унаа, даваа тэнцэв. Энэ өдөр Сэкиваке Шодай, Энхог давж 3 даваа, нэг унаатай тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил учраа бөх Такарафүжид сукуинаге  мэхээр унаж 3 унаатай болов. Азүмарюү С.Тодбилэг энэ өдөр Мейсэйг хатакикоми мэхээр өвдөг шороодуулж 3 дахь даваагаа авсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Саданоүмиг шитатэнагэ мэхээр хаяж даваа, унаагаа 2 болгов.

Дашрамд сонирхуулахад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа юм. Тэрбээр 1985 оны гуравдугаар сарын 11-нд үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбатын бага хүү болон мэндэлжээ. Түүний аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат хэдий ч М.Даваажаргал  Улаанбаатар хотод төрсөн юм. Түүний хувьд 2007 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв. Мөн Рюүо Ноборү Эрхэм-Очирын Санчирболд 1983 оны энэ өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн байна.

Сэтгэгдэл бичих