Коронавирусний эсрэг “Файзер” вакциныг жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан байна.
Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, “КОВАКС хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн шөнө 100 мянган тун “Файзер” вакцин татан авсан. Үүнийг жирэмсэн болон хөхүүл хүмүүст хийх юм. Мөн тодорхой эмчийн заалттай хүмүүс “Файзер” хийлгэж болно. Улсын хэмжээнд 53 мянга орчим жирэмсэн эмэгтэй бий. Өнөөдрийн байдлаар хөхүүл эмэгтэйчүүдийг "Вероселл" вакцинд хамруулж байгаа. Хөхүүл эмэгтэйчүүд Вироцелл хийлгээгүй бол “Файзер” вакцин хийлгэж болно. ДЭМБ-аас жирэмсэн эсхүл хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй коронавирусээр халдварлах эрсдэлтэй тул эмчийн зааврын дор вакцин хийлгэж болно гэж зөвлөсөн. Жирэмсэн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана” гэлээ.
Манай улсын 18-аас дээш насны 2 067 292 иргэний 89.2 хувийг коронавирусний эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулаад байна. Харин хоёрдугаар тунд 46 хувь нь хамрагджээ.