АНЭУ-ын Дубай хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр тулалдсан Монголын 7 тамирчнаас 4 нь өрсөлдөгчөө ялсан байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Казахстан, ОУХМ Х.Энх-Амар 56 кг-д Афганистан, ОУХМ, залуу тамирчин О.Өнөболд 49 кг-д Киргиз, мөн эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг Тажикистаны тамирчныг тус тус ялсан байна.
Энэ удаагийн тэмцээнд 17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй өрсөлдөж байгаа бөгөөд тэргүүн байр эзэлсэн тамирчин 10 мянган ам.долларын шагналтай гэдгээрээ өмнөх тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс онцлогтой.
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нар баг тамирчдаа дасгалжуулж байгаа юм.