/TASS/. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод болно гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлэв.
“Хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 16-нд Женевт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай хэлэлцээ хийнэ" гэж мэдээлэлд дурджээ.
ОХУ, АНУ-ын удирдагчид удахгүй болох уулзалтын үеэр хэд хэдэн сэдвээр хэлэлцэнэ. "Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, коронавирусний цар тахалтай тэмцэх, бүс нутгийн зөрчилдөөнийг зохицуулахад хамтран ажиллах талаар хэлэлцэнэ" гэж Кремль мэдээлсэн байна.
Хоёр орны Ерөнхийлөгч нар Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойш анх удаа биечлэн уулзах гэж буй юм. Түүнчлэн Оросын удирдагчийн Женевт хийх айлчлал нь 2020 оны нэгдүгээр сард Израил, Палестинд айлчилснаас хойших анхны гадаад айлчлал болно.