НҮБ Малигийн удирдагчдыг нэн даруй суллахыг уриалжээ

оруулсан Алсын Хараа

Мали улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг цэргийнхэн баривчилсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан тэднийг нэн даруй суллахыг НҮБ-ын Мали дахь Төлөөлөгчийн газар шаарджээ.

Мөн Баруун Африкийн тус улсын иргэдэд тайван байхыг уриалсан байна. Түр Ерөнхийлөгч Бах Ндау, Ерөнхий сайд Моктар Уан нарыг цэргүүд нийслэл Бамако хотын ойролцоох Кати суурин дахь цэргийн бааз руу авч явсан талаарх мэдээлэл гарсны дараа Төлөөлөгчийн газар дээрх мэдэгдлийг хийжээ.

Ийм явдал болсонтой холбоотойгоор Малид нэг жилийн дотор хоёр дахь удаагаа цэргийн эргэлт гарсан байх вий гэдэгт олон нийт санаа зовниж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Сулейман Дукурег баривчлагдсан гэх мэдээлэл гарчээ. Даваа гаргийн орой М.Уан цэргүүд өөрийг нь авч явахаар ирж байгаа тухай “AFP” агентлагт утсаар мэдээлсэн байна.

Малигийн удирдагчдыг баривчилсан явдлыг зэмлэн буруушаасан мэдэгдлийг Африкийн Холбоо, Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэг, Европын Холбоо, АНУ гаргаад байгаа бөгөөд тэднийг нөхцөл болзолгүйгээр суллахыг уриалжээ.

Өнгөрсөн онд цэргийн эргэлт хийхэд оролцсон армийн хоёр өндөр албан тушаалтныг огцруулсан халаа сэлгээг Засгийн газарт хийснээс хэдхэн цагийн дараа ийнхүү удирдагчдыг баривчилсан байна.

Сэтгэгдэл бичих