Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо даваа гарагт эхэлсэн бөгөөд 17 орны эрэгтэй, эмэгтэй шилдэг 150 боксчин өрсөлдөж байна.
Тамирчид 20 жинд аваргаа тодруулах энэ тэмцээний 2 дахь өдөр Монголын 7 боксчин хүчээ сорино. Тэмцээний эхний өдөр манай гурван боксчин дэвжээнд гарч бүгд ялалт байгуулсан. Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд О.Өнөболд Шри-Ланкийн тамирчныг, 52 кг-д Х.Энхмандах АНЭУ-ын тамирчныг, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Иракийн тамирчныг ялсан.
Өнөөдрийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 22.00 цагаас эхлэх бөгөөд Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.
Хоёр дахь өдрийн оноолтыг танилцуулахад, 49 кг-д О.Өнөболд шөвгийн наймд Киргизийн тамирчинтай, 52 кг-д Х.Энхмандах шөвгийн наймд Афганистаны тамирчинтай, 64 кг-д Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны тамирчинтай, 91 кг-д Э.Эрдэнэбаяр шөвгийн наймд Киргизийн тамирчинтай, эмэгтэйчүүдийн 51 кг-д Л.Алтанцэцэг шөвгийн наймд Тажикистаны тамирчинтай, 57 кг-д О.Есүгэн шөвгийн наймд Энэтхэгийн тамирчинтай, 60 кг-д М.Намуун шөвгийн наймд Казахстаны тамирчинтай тус тус тоглоно.
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нараар удирдуулсан боксын шигшээ багийн тамирчин Дубайд очоод байгаа юм.