Хятадын тэрбумтан, “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма бизнесийн элит академи болох Хупань их сургуулийн захирлын албан тушаалаас огцрохоор болжээ.
“Financial Times” сонинд бичсэнээр, хэдэн жилийн өмнө байгуулж байсан сургуулийнхаа захирлын албан тушаалаас огцрох болсон шалтгаан нь Жэк Мад үзүүлж буй Хятадын эрх баригчдын дарамт шахалт үргэлжилсээр байгаатай холбоотой байна.
Тус академи мөн нэр болон сургалтынхаа хөтөлбөрийг өөрчилсөн байна. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдэд мэдээлснээр, нэрээ "Hupan Innovation Center" болгон өөрчилжээ. Бүтцийн өөрчлөлт хийсний дараа Жэк Ма сургуульдаа удирдах албан тушаал эрхлэхээ болино гэж “Financial Times” сонины эх сурвалж мэдээлсэн байна. Жэк Магийн академи дөрөвдүгээр сарын эхээр оюутан элсүүлэхээ түр зогсоожээ.
Жэк Ма уг сургуулийг 2015 онд Харвардын их сургуулийн бизнес сургуулийн жишгээр байгуулжээ. Гурван жилийн сургалттай тус сургуулийг такси үйлчилгээий “Didi” компанийн ерөнхийлөгч Жан Лю, онлайн даатгалын платформ “Waterdrop”-ийг үндэслэгч Шен Пэн зэрэг хүмүүс төгссөн байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард Шанхайд нэгэн арга хэмжээнд оролцохдоо Жэк Ма улсынхаа банкуудыг шүүмжилсний дараа Хятадын Засгийн газар түүнд шахалт үзүүлж эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр Хятадын банкуудыг ломбардтай зүйрлэж, инновацыг хойш татаж байна гэж шүүмжилжээ.
Үүний дараа “Alibaba” группийн дижитал санхүүгийн компани болох “Ant Group”- ийн хувьцааг Шанхай, Хонконгийн биржүүдэд байршуулах зөвшөөрөл өгөөгүй юм. Үүнээс гадна, Хятадын Зах зээлийн хяналтын газар “Alibaba” компани монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгана гэдгээ өнгөрсөн мэдэгдсэн билээ.