Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани “SpaceShipTwo” сансрын хөлгийнхөө шинэ загвар “VSS Unity”-г туршсан байна.
Сансрын аялалд зориулсан уг хөлгийг АНУ-ын Нью-Мексико муж улсад туршжээ. Туршилтыг эхэндээ хоёрдугаар сарын 13-нд явуулахаар төлөвлөж байсан боловч техникийн үзүүлэлтүүдэд нэмэлт үзлэг хийхээр хойшлуулсан байна.
“VSS Unity”-г нисэх онгоц-зөөгч “VMS Eve” пуужингаар 89 орчим км-ийн өндөрт гаргасан байна. Пуужингаас салсныхаа дараа өөрийнх нь хөдөлгүүр асаж, нислэгээ бие даан үргэлжлүүлжээ.
Уг онгоц гурван Мах буюу цагт 3675.13 км хурдтай нисэж чадсан бөгөөд Нью-Мексико дахь сансрын буудалд амжилттай газарджээ. Туршилтын үеэр “Virgin Galactic” компанийнхан АНУ-ын Холбооны нисэхийн агентлагаас арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байна.
“Virgin Galactic” компани арилжааны анхны нислэгээ 2021 оны сүүлчээр хийж магадгүй байна. Цаг хагасын хугацаанд задгай сансарт үргэлжлэх уг аялалд одоогийн байдлаар Америкийн дуучин Жастин Бибер, жүжигчин Леонардо Ди Каприо зэрэг 600 гаруй хүн тус бүр 250 мянган ам.доллар төлж бүртгүүлжээ.