Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат СЕХ-ноос өнөөдөр үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэлж байна.
СЕХ-ны энэ сарын 7-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг нэр дэвшигчээр бүртгээд байгааг тус хорооны дарга П.Дэлгэрнаран үнэмлэх гардуулах үеэр онцлов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн Т.Доржхандыг "Зөв хүн электорат" эвслийн сонгуулийн Ерөнхий менежрийн үнэмлэх гардуулав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 7-ны 23.59 цаг хүртэл үргэлжилнэ. Нэр дэвшигчид сурталчилгаандаа цахим хуудас ашиглах тохиолдолд түүнийгээ энэ сарын 27-ноос өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.
Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 19-ний ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Уг журамд сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдваргүйтгэл хийх, агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах талаар тусгасан юм. Мөн хүн хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна.
Ташрамд дурдахад, УИХ-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг ирэх сарын 9-нд товлосон бөгөөд санал хураах, тоолоход “New Image Cast” төхөөрөмжийг ашиглана.