Монгол Ардын намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлт өнөөдөр боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, санал хураах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх олгож, албан ёсоор сурталчилгааны ажил эхлэхээр заасан бөгөөд ирэх сарын 8-ны 00.00 цагт дуусгавар болно. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн монгол" уриатай оролцож байгаа юм.
Сонгуулийн сурталчилгааны нээлтэд Нэр дэвшигч У.Хүрэлсүх болон түүний гэр бүл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүд, намын тэргүүлэгч гишүүд, дэмжигчид оролцов.
Нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "100 жилийн түүхтэй, ардаараа овоглосон МАН У.Хүрэлсүхийг санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн. Ард түмний хүсэл, шалгуурт нийцсэн, төрт ёсоо дээдэлдэг, түмэн олноо боддог, төрийн ажилд шалгагдаж, бэлтгэгдсэн төрийн зүтгэлтэн бол У.Хүрэлсүх мөн. Шинэ зууны сэргэн мандлын босгон дээр ирсэн Монгол Улсын төрийг У.Хүрэлсүх тэргүүлэх нь түүхэн цаг үе, ард олны захиалга гэж үзэж байна" хэмээгээд түүний Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа баримталсан хоёр гол зарчмыг онцлон тэмдэглэв.
Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монголчуудын 30 жилийн сургамжид дүгнэлт хийн, өөдлөх ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах, сайн сайхан цагийг авчрахын төлөөх шинэчлэл болсон бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх эхнээс нь дэмжсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Ингэхдээ, монгол хүн баялагтаа эзэн байх, үр өгөөж нь монгол хүнд зориулагдах ёстой гэсэн чиг шугамыг баримталж Үндсэн хуулиар тунхагласан хэмээн тодотгов. "Тэрээр Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа энэ зарчмыг хэрэгжүүлж монгол газар шороо, монгол хүний язгуур эрх, ашгийн төлөө Салхит, Асгат, Ноён уул, Хармагтай, Гутайн давааны орд газрыг ард түмний мэдэлд буцаан авчирсан. Байгалийн баялгийн үр өгөөжийг түрүүчээсээ бодитой хүртэж, ахмадын зээлийг тэглэх, нэг сая төгрөг олгох ажлыг өрнүүлээд байна" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа, олон улсад танигдахын зэрэгцээ хөрш орнуудатйгаа ойлголцож, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай харилцааг хөгжүүлж чадсан гэдгийг цохон тэмдэглэв. Тухайлбал, хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг ОХУ-ын талтай хэлэлцэн тохирсон. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг бодит ажил болгосон. АНУ-тай мянганы сорилтын сангийн 300 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн, БНЭУ-тай газрын тосны үйлдвэр барих, Япон улстай хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, БНСУ-тай Улаанбаатарын утааг бууруулах, Солонго 1, 2 хороолыг барих зэрэг хөгжлийн хөшүүрэг болсон олон төслийг хамтын ажиллагааны хүрээнд бэхжүүлсэн хэмээн тодотголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээх зорилтыг дэмжиж ажилладаг Ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж, "Бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд, ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг эрмэлзэж байна. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт ажиллаж байсны хувьд, эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын ажлаа хамтдаа хэрэгжүүлэн дуусгахыг хүсэж байна. ҮАБЗ хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж, нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт итгэж байна" хэмээсэн юм.