УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Тэрээр УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон агентлаг, харьяа байгууллагуудын ажилтан, алба хаагчидтай аймгийн ХДТ-т уулзалт хийв. Уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан салбарын бодлого, шинэчлэл, харьяа байгууллага, агентлагийн ажилтан алба хаагчдыг сургаж дадлагажуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ, “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш орон нутаг дахь анхны томилолтоо Говь-Алтай аймгаас эхлүүлсэн, өчигдөр Ховд аймагт, өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгуудад ажиллах үеэр цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Архивын тасгийн хамт олонтой уулзаж, ажлын нөхцөл байдалтай нь танилцаж, тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр шийдвэрлэх, хууль зүйн салбарт хийж буй хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хүргэх, алба хаагчдынхаа ажиллах нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж байна" гэлээ.
Мөн "Ковид-19" цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа ч Засгийн газар эдийн засгаа сэргээх бодлого баримтлан ажиллаж байна. Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны санал болгосны дагуу эхний ээлжинд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Музей дотор үйл ажиллагаа явуулдаг Архивын тасгийг стандартын шаардлага хангасан шинэ байртай болгоно, зардлыг нь 2022 оны төсөвт тусгана" гэв.
Уулзалтын дараа Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-тай хамтран хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх” төслийн хүрээнд шийдэгдсэн суурин компьютер, олон үйлдэлт принтер, хурууны хээ уншигч, зургийн аппаратыг Улсын бүртгэлийн хэлтэст гардууллаа.
Үүнээс гадна аймгийн Цагдаагийн газрын албаны хэрэгцээнд зориулж “УАЗ-Фургон” маркийн автомашин, 2 мотоцикл, зарим алба хаагчдад гэр олгов. Харин аймгийн Прокурорын газарт албаны автомашин шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.