ОУОХ: Олимпын наадмыг онцгой байдал тогтоосон үед ч зохион байгуулах боломжтой

оруулсан Алсын Хараа

Японы нийслэл Токио хотод онцгой байдал тогтоосон хэвээр байсан ч энэ зуны Олимпыг зохион байгуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ дэд ерөнхийлөгч Жон Коутс баасан гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын мэдэгджээ.

Одоогоор Японы есөн мужид коронавирусний цар тахлын улмаас тавдугаар сарын 31 хүртэл онцгой байдал тогтоогоод байгаагийн нэг нь Токио юм.

“Онцгой байдал тогтоосон хугацаанд таван туршилтын тэмцээнийг амжилттай зохион байгуулсныг бид бүхэн харлаа. Тамирчид, Японы иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах бүх төлөвлөгөөг үүсэж болзошгүй хамгийн таагүй нөхцөл байдалд үндэслэн гаргасан тул Олимпыг онцгой байдал тогтоосон үед зохион байгуулах боломжтой” гэж Ж.Коутс хэлжээ.

Японд саяхан явуулсан санал асуулгаар иргэдийн 70 орчим хувь нь ирэх долоодугаар сарын 23-ны өдрөөс эхлэх Олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байр суурьтай байгааг тогтоосон юм.

ОУОХ-ны дэд ерөнхийлөгчөөс энэ талаар асуухад, тэрбээр энэхүү үзүүлэлтийг Японд вакцинжуулалтын түвшин сул байгаатай холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс цаашид вакцинжуулалтын үзүүлэлт нэмэгдэх тусам олон нийтийн үзэл бодол өөрчлөгдөнө гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Сэтгэгдэл бичих