Унгарт коронавирусний цар тахлын улмаас тогтоосон ихэнх хязгаарлалтыг цуцлахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.
“Хөл хорих цаг, олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх журмыг цуцална” гэж тэрбээр "Kossuth Radio" радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, ил задгай талбайд 500 гаруй хүнтэй арга хэмжээ зохион байгуулах, спортоор хичээллэхийг зөвшөөрнө. Түүнчлэн хосууд хуримаа ямар нэг хязгаарлалтгүйгээр хийх боломжтой болно. Гэхдээ Ерөнхий сайдын хэлснээр, эдгээр хязгаарлалтыг цуцлах өдрийг хараахан шийдээгүй байгаа аж.
Унгарт хязгаарлалтыг цуцалж байгаа нь хүн амыг вакцинжуулах ажил хурдацтай явагдаж байгаатай холбоотой юм. "Өнөөдөр Унгар улс цар тахлын хувьд Европын бусад орнуудтай харьцуулахад аюулгүй болсон. Энэ амралтын өдрүүдэд бид 5 сая хүнийг вакцинд хамруулна" гэж Орбан нэмж хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, тавдугаар сарын 20-ны байдлаар Унгарт халдвар авсан хүний тоо 800 368-д хүрч, 29 380 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 780 шинэ тохиолдол илэрсэн байна.