Оросын байгалын хийг Хятадад нийлүүлэх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монгол Улсын нутгаар дайран өнгөрөх хэсгийг тавих маршрутыг "Газпром" компани Монголын талтай тохиролцож, төслийн техник-эдийн засгийн судалгааны дүнг баталжээ.
Энэ тухай “Газпром экспорт” компанийн ерөнхий захирал Елена Бурмистрова мэдээлсэн байна.
“Одоогийн байдлаар Оросын “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсэг болох "Союз Восток" хоолойн төслийн техник-эдийн засгийн судалгааг батлаад байна” гэж тэрбээр мэдээлжээ. Түүнчлэн Монголд тусгай зориулалтын компани бүртгүүлсэн болохыг дурдаад "хийн хоолойн оновчтой маршрут, технологийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсныг" мэдээлсэн байна. Тусгай зориулалтын компани техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад эхэлчихсэн байгаа бөгөөд “нийлүүлэлтийн нөхцөлийн талаар талууд хэдийд тохиролцоонд хүрэхээс шалтгаалан хэлэлцээ дуусах аж".
Бурмистрова мөн "Газпром" компанид Хятадын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хангалттай хүрэлцэх нөөц бааз байгааг мэдээлжээ.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дайран өнгөрөх хэсгийн зураг төсөл-хайгуул шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах “Газопровод Союз Восток” хэмээх тусгай зориулалтын компанийг Монгол Улсад энэ оны эхээр бүртгүүлсэн юм.
ОХУ-ын "Газпром" компани болон Монгол Улсын Засгийн газар харилцан ойлгоцлын санамж бичигт 2019 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2021 оны гуравдугаар сарын 11-нд баталжээ.
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал "Сибирийн хүч-1”-ээсээ 1.3 гаруй дахин давж магадгүй байна. Энэ нь Оросын байгалийн хийг Баруун Сибириэс баруун төдийгүй зүүн чиглэлээр их хэмжээгээр экспортлох боломжийг олгоно гэж "Газпром" өмнө нь мэдээлж байсан билээ.