Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

оруулсан Алсын Хараа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Хөтөлбөрт хамрагдах малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөө шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүсэлт гаргасан, сүүлийн нэг жил Улаанбаатар хотод оршин суусан байх шаардлагатай аж.

Ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээгүүр үндсэн цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр тухайн жилд хуваарилагдсан хөрөнгөөс нөхөн төлж, хөнгөлөлт үзүүлнэ. Мөн гэрээт малчин өрхийн орон нутаг руу нүүх зардлыг суурьших аймаг, сумын замын уртаас хамааруулан тооцож, нэг удаа 150-500 мянган төгрөгийн дэмжлэг өгнө. Түүнчлэн, гэрээт малчин өрхийг хоёр жил тогтвортой ажиллуулах нөхцөлөөр, малжуулах дэмжлэг болгож 3 сая хүртэл төгрөгийг 36 сарын хугацаатай олгохыг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлэв.

Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэд оршин суугаа хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх аж.

Сэтгэгдэл бичих