Коронавируст халдварын 629 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 6823 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 629 тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь 1000 гаруй тохиолдол батлагдаж байсан өдрүүдийг бодвол цөөрсөн тоо ч, нэг өдөрт хийсэн шинжилгээн дундаас илэрч буй халдварын тохиолдлын өндөр үзүүлэлт гэдгийг өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Шинэ тохиолдлын 627 нь дотоодын халдвар бол нийслэлд 603, хөдөө орон нутагт 24, эмнэлгээс шалтгаалах 2 тохиолдол батлагджээ. Орхон аймагт 4, Дархан-Уул аймагт 1, Төв аймагт 4, Архангайд 4, Өвөрхангайд 7, Сэлэнгэд 3, Говь-Алтайд нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт 51 247 тохиолдол  боллоо. Харин  754 хүн сүүлийн 24 цагт эмнэлгээс гарснаар нийт  45 145 хүн эдгэрчээ.

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 5 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 240 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 4011 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 105 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 544 нь хүнд, 1360 нь хүндэвтэр, 2002 нь хөнгөн гэж оношлогджээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 1829 хүн өрхийн эмчийн хяналтад байна.

Сэтгэгдэл бичих