0-17 НАСНЫ ХҮҮХДЭЭС ХОТ ХООРОНД ЗОРЧИХОД КОВИД19-ЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХИЙГ ШААРДАХГҮЙ

оруулсан Алсын Хараа

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа.

Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна. Насанд хүрсэн зорчигчид КОВИД19-ын эсрэг дархлаажуулалтын давтан тунд хамрагдаж 14 хоносон, сүүлийн дөрвөн сарын дотор өвчлөөд эдгэсэн бол саадгүй зорчино. Анхны тун хийлгэсэн болон вакцинд хамрагдах боломжгүй, эмнэлгийн заалттай иргэд 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариугаа үндэслэн зорчиж болно.

0-17 хүртэл насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, тухайн очсон газартаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг шаардана. Өмнөговь, Дорноговь аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих иргэд Аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу дээрх шаардлагуудыг хангасан тохиолдолд зорчино. Энэхүү хязгаарлалт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлнэ. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ.

- Зах худалдааны төвүүд
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
- Зочид буудал
- Амралтын газар
- Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн "Covid 19- Verify" аппликейшинийг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.

Мөн өнөөдрөөс өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээлээ.  Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.

Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих