Мьянмарт хоёрдугаар сарын эхээр гарсан цэргийн эргэлтээс хойш цэргийнхний гарт амиа алдсан хүний тоо 800 давлаа гэж тус улс дахь хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ.
Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалыг таслан зогсоох үеэр амиа алдсан хүний тоо 802-т хүрсэн байна. Мөн иргэд цэргийнхний эсрэг зэвсэг барин тэмцэх болсноос хойш амиа алдсан хүний тоо улам нэмэгдэх болжээ.
Тухайлбал, баруун хойд нутгийн Чин мужийн Миндат хотод ням гараг хүртэлх таван хоногийн хугацаанд их буугаар буудаж, гал нээсний улмаас долоон хүн амиа алдсаны дунд 16 настай хүү байжээ.
Мьянмарын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, зэвсэглэсэн иргэд, цэргийнхний Миндат дахь мөргөлдөөн үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт цэргийнхэн тус хотод дайны байдал зарлажээ.
Мөн төв нутгийн Мандалай, баруун хойд нутгийн Сагаин бүсэд зэвсэглэсэн иргэд, цэргийнхний хооронд мөргөлдөөн үүссэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.