Вакцин хийлгэсэн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, тусгаарлахгүй байх яриа хэлэлцээг ГХЯ хийж байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс хилээ ирэх сарын 1-нээс нээхээр төлөвлөөд буй. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

-Монгол Улс хилээ нээхэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Монгол Улс хилээ нээх шийдвэрийг үндсэндээ гаргачихсан гэж ойлгож болно. Гадаадад хилийн хязгаарлалтын улмаас саатсан иргэдийг татан авах ажил энэ сарын 1-нд дууссан. Яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй байсан бүх иргэн ирсэн гэдгийг хэлье. Энэ сараас тусгай нислэгүүдийг энгийн хуваарьт нислэгт шилжүүлсэн. Иргэд авиа компанидаа хандаад шууд тасалбар аваад ирж болно. Энэ бол дотоодын болон гадаадын бүх иргэнд хамаатай.

Зөвхөн Монгол Улс хилээ хаагаад, иргэдээ гадагшаа явуулахгүй байгаа мэт ташаа ойлголт иргэдэд байна. Өнөөдрийн байдлаар 117 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоогоод зөвхөн өөрийн улсын иргэнийг эсхүл тухайн улсад байнга оршин суудаг гадаадын иргэнийг л нэвтрүүлэх шийдвэр хэрэгжүүлж байна. Монгол Улс хилээ гадаад улстай харилцан зэрэг нээж байж цар тахлын өмнөх үе шиг чөлөөтэй зорчдог болно. Энэ хүрээнд коронавирусний вакцин хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгож байгаа. Ингээд ГХЯ-наас гадаадын орнуудтай вакцины гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр шууд нислэгийг бүрэн сэргээж, зорчигч нэвтрүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа.

-Гадаадаас Монгол Улсад ирж байгаа иргэдэд ямар шаардлага тавьж байна вэ?

-Эх орондоо ирэх гэж байгаа Монгол Улсын иргэн заавал вакцинд хамрагдах шаардлага тавьж байгаа тухай ташаа мэдээлэл байна. Ийм зүйл байхгүй. Монгол хүн эх орондоо чөлөөтэй нэвтэрч болно. УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ирж байгаа иргэн хэрвээ коронавирусний вакцинд хамрагдаагүй, эсхүл эхний тунг хийлгээд хоёр дахь тунг хийлгээгүй, хоёр тунгаа хийлгэсэн ч ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног нь өнгөрөөгүй байвал 7 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Өмнө 14 хоног тусгаарладаг байсныг 7 болгож бууруулсан. Гэхдээ Өмнөд Америк, Өмнөд Африк, БНЭУ зэрэг коронавирусний мутацид орсон хувилбар илэрсэн, халдварын эрсдэл өндөртэй газраас ирж байгаа бол 7-гоос дээш хоног тусгаарлана. Харин вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног нь өнгөрсөн бол энэ мэдээллээ тухайн нислэгийн компани болон хилийн мэргэжлийн хяналтын албанд өгөөд тусгаарлагдахгүйгээр шууд гэртээ очно.

-Хуваарьт нислэгийн тоог тусгаарлах байрны боломж нөхцөлтэй уялдуулж тогтоож байгаа юу?

-Цар тахлын үеийн хуулийн дагуу энэ сарын 1 хүртэл ГХЯ тусгай нислэгийг төлөвлөж, зохион байгуулж байсан. Одоо бол нислэгийг энгийн горимоор ЗТХЯ, ИНЕГ төлөвлөөд, зорчигчийн урсгалаас хамаараад нислэгийг төлөвлөж байгаа. Энгийн горимд шилжсэн байхад нислэгийн тоо харьцангуй цөөхөн байна гэсэн асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, гадаадад халдварын нөхцөл байдал хүнд байна. Хоёрдугаарт, гадаадаас ирж байгаа иргэн хэрвээ вакцины бүрэн тунд хамрагдаагүй байвал зайлшгүй тусгаарлана. Үүний тулд тусгаарлах байрны нөөц боломжийг харгалзах үзэх ёстой. Энгийн үе шиг өдөрт 1-2, сард 60-70 нислэг үйлдэх боломж өнөөгийн нөхцөлд байхгүй. Энэ зөвхөн Монгол Улсаас хамаарахгүй. Бусад улс хилээ хаасан тул нислэг үйлдсэн ч зорчигч байхгүй. Тэгэхээр дэлхий нийтийн вакцинжуулалт, вакцин хийлгэсэн хүмүүсээ чөлөөтэй нэвтрүүлэх талаар гадаад улстай хийж буй яриа хэлэлцээний үр дүн зэргээс шалтгаалж цаашдаа нислэг нэмэгдэх нь тодорхой.

-Гадаад улс орнууд хил нэвтрэхэд ямар шаардлага тавьж байна вэ. Коронавирусний вакцины хоёр тунг заавал хийлгэсэн байх ёстой юу?

-Улс орнууд янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хоёр тун вакцин хийлгэсэн гадаадын иргэнийг зөвхөн нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага албан ёсоор тавьсан улс байхгүй. Гадаадын зарим улс өөрийн хүлээн зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн бол хил нэвтрүүлнэ, өөр орны вакцин хийлгэсэн бол оруулахгүй гэсэн ташаа ойлголт ч иргэдийн дунд байна. Тийм биш. Одоо бол манай улсаас гадаад руу зорчиж байгаа иргэдээс сүүлийн 48, 72 цагийн дотор хийсэн PCR шинжилгээ л шаардаж байгаа. Тэгэхээр гадаад орны хилээр ороход эсхүл Монгол Улсаас гарахад заавал вакцин хийлгэсэн гэрчилгээ шаардахгүй. Хэрэв гадаадад зорчих хүсэлтэй иргэн байвал эхний ээлжинд тухайн улсын визийг авах ёстой. Ингээд очих гэж байгаа улсаа ямар шаардлага тавьж байгааг нь судлах ёстой гэсэн үг.

-Вакцин хийлгэсэн тухай гэрчилгээ олгох ажил хэдэн хувьтай байна вэ?

-Манай улс хүн амаа дархлаажуулсан үзүүлэлтээр дэлхийд эхний 10-т байгаа. Тиймээс ч гэрчилгээ олгох ажил харьцангуй түрүүлж яваа гэж ойлгож болно. Иргэд вакцин хийлгэсэн гэрчилгээгээ E-Mongolia-гаас монгол болон гадаад хэлээр авч болно. Хамгийн гол нь энэ гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлснийхээ дараа тусгаарлахгүй байх яриа хэлэлцээг ГХЯ хийж байна. Бусад улс орнууд вакцин хийлгэсэн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй.

-Вакцин хийлгэсэн иргэн гадаадад зорчиход тухайн улс нь тусгаарласаар л байгаа юу?

-Одоогоор вакцин хийлгэсэн хүнийг л хил нэвтрүүлнэ гэдэг шаардлагыг аль нэг улс тавиагүй байна. БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг тусгаарлахгүй гэсэн ташаа мэдээлэлтэй иргэд байна. Энэ бол тухайн улс өөрийн иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалсан шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл, солонгос хүн эх орондоо вакцины бүрэн тунд хамрагдсаныхаа дараа гадаадад зорчоод, буцаад Солонгост ирэх үед нь тусгаарлахгүй гэсэн шийдвэр юм. Зарим улс хатуу хөл хорионы дэглэм, хатуу тусгаарлалтын журам хэрэгжүүлж байна. БНСУ гэхэд 14 хоног зайлшгүй тусгаарлаж байна. Европын орнууд гэртээ 5-10 хоног тусгаарлах шаардлага тавьж байгаа.

Сэтгэгдэл бичих