Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Макүүчи зиндааны 10 дахь өдрийн барилдаанд Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-г ёрикири мэхээр давснаар 10 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлж байна.
Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Ичиножёо А.Ичинноров /М-6/-ыг, окүридаши мэхээр хаяж 6 даваа, 4 унаатай болсон бол Ичиножёо 3 унаа, 7 даваатай явна. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Хидэноүми /М-6/-г ошидаши мэхээр давж 6 даваа 4 унаатай боллоо.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ өнөөдөр Хокүтофүжи /М-1/-г окүридаши мэхээр хаяж 5 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Озэки Такакейшёо, Оношо /М-5/-г ошидаши мэхээр давж 8 даваатай болж, башёг тэргүүлэгч Тэрүнофүжигийн араас ганцаараа нэхэж явна. Түүний араас 7 даваатай 5 сумоч байгаа юм.
Озэки Асанояама Комүсүби Митакэүмиг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Озэки Шодай өнөөдөр Сэкиваке Такаясү-д ёрикири мэхээр унаж 5 даваа, 5 унаатай болоод байна. Такаясү 7 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.